Уран сайхан гэж ...  

Posted by Сумбаа in

Сүүлийн үед хамаг үзэгчдийг байлдан дагуулаад байгаа "Тусгай салаа" хэмээх киног дундаас нь ороод үзлээ. Тодруулбал Сүлд Номин 2 танилцаж эхэлсэнээс хойших ангиудыг. Яахав дажгүй уран сайхны кино. Амьдралаас жаахан тасархай, киноны хамгийн их таалагдсан зүйл Дэндэвийн дүр. Яг л жинхэнэ монгол эр хүн гүндүүгүй, морь ярьсан шулуун шударга нэгэн, бас дуулсан дуу нь.
Хийсвэр зүйл ихтэй кино шиг санагдсан.
Жишээ нь: Байлдагч дэд ахлагч 2 нэг гал тогоонд хоололдоггүй тэр тусмаа 2 өөр цэргийн анги дундаа 1 гал тогоотой байна гэдэг худлаа.
Бас албанаасаа оргосон цэргийг эрхлүүлээд ааваар нь эмнэлэгт өвчтөн сахиулж байгаа юм шиг хүүг нь сахиулна гэдэг бас л амьдрал дээр сөгдөж гуйгаад ч бүтэхгүй зүйл.
Хамгийн том хэтрүүлэг нь байлдагч энхийг сайхулах ажиллагаанд яваад дэд ахлагч цол авдаг хэсэг. 6 сарын дараа гээд онгоц буусан чинь байлдагч маань дэд ахлагч болчихсон байсан. Амьдрал дээр үнэхээр тийм байдаг бол сайхан л хэрэг, тэгсэн бол манай нөхөр аль дээр үед хурандаа цолтой болчихгүй юу.
Гэхдээ Чад улсад үүрэг гүйцэтгээд ирдэг хэсэг сайхан санагдсан. Учир нь тэр зураг авалт нь манай нөхрийг Чад яваад ирж байхад авсан зураг авалт байсан болохоор өөрийн эрхгүй хүүгээ тэврээд нөхрөө тосоод зогсож байсан минь санагдсан. Миний хүү "аав ирлээ" гээд нүдэндээ нулимастай инээж байгаа нь нүдэнд харагдсан шүү. Онгоцноос тугаа бариад бууж байгаа нь үнэхээр бахархмаар сайхан санагдаж байсан. Ингээд эргээд ирдэг байжээ л гэж бодож байсан. Хар дарсан зүүд шиг 7 сарыг ардаа орхиж байгаа нь тэр шүү дээ хөөрхий би гэдэг хүн чинь.
Гэхдээ мэдээж уран сайхан юм чинь хэтрүүлэг байлгүй л яахав, Ямартай ч цэрэг гэдэг хүний эр зориг, тэвчээр хатуужил, хүн чанар хүмүүжлийг илэрхийлж чадсан Тусгай салаа киноны хамт олонд талархал илэрхийлье.