Халаасны өрөө  

Posted by Сумбаа in

Айлын бөөрөнд амь зууна гэдэг
Амаргүй даваа, хүүгээ л өрөвдөх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хүүхдээ л бодох юм

Гэрийн эзний хүүхдийг аргадаж
Гэмгүй мөртлөө гэмшилд автаж
Цэцэрлэгийн чихрээ идэхгүй өгнө
Цэцэг шиг нас гундаж өснө

Турьхан нуруундаа гутамшиг үүрч
Туних эрхлэхийг бүр мартаж
Тоглохдоо хүртэл хүн харна
Толгой гудгархан бараадаж гүйнэ.


Банди нар л болсон хойно доо
Байлдаж тоглох дуртай байх юм
Хүүхэд л болсон газар даа
Хүү минь хүртэл дагаж гүйх юм

Дайтаж тоглох жаалууд дунд
Дайсан болох нь алга атал
Чимээгүй хүү минь л оногдох юм
Чихээ бөглөвч гуниг нь сонсдох юм

Халаасны өрөөнд амь зууна гэдэг
Хатуу даваа, хүүгээ л өрөвдөх юм
Хар элгийн хүнийг царайчилна гэдэг
Хэцүү заяа, хүүхдээ л бодох юм

Ялах дон жаалуудыг олзолж
Ялагдах дайсан олдохгүй болоход
Дуугүйхэн миний хүү л сөгдөх юм
Дусал нулимсаа аниргүй залгих юм

Удаан дайны золио болгон
Урван тоглох хүн олдохоо болиход
Тоглоомон буугаа ганцаараа хураалгаж
Тоодойтлоо туугдаад явах юм

Үймж дарвих хүүхдүүдийн хэн нь ч
Үхэж тоглох дуртай байхад
Аниргүхэн миний хүү л сөгдөх юм
Аавынхаа нүдэн дээр толгойгоо авахуулах юм

Болохгүй гэх газар байх биш дээ
Болзошгүй дайн нүүрлэдэг юм гэхэд
Ялагдаж тоглоод сурсан хүү минь
Яаж байлдах юм болдоо хэн мэдэхэв!

Хаяа хийлсэн их гүрнүүдийн бөөрөнд
Халаасны өрөө шиг эх орон минь ээ
Цадиг түүхтэй дээдсийн үрсийг
Царайчилж сургахгүй юм сан, яадаг юм билээ .

Инээмсэглэ  

Posted by Сумбаа

Сэтгэл нэг л дундуур уйлмаар байх чинь нулимсаа тэвчээд би инээе
Зүрх нэг л хөндүүр зүсэгдсэн юм шиг байх чинь бүхнийг мартан би чангаар инээе
Дээрээс тэнгэр нурж, доороос газар цөмрөөгүй байна ашгүй дээ уйтгарлах хэрэг алга
Инээд танд туслана

Морин хуур  

Posted by Сумбаа in

Морин хуураа гэж... үндэсний минь өмнөө барих ганц баялаг гэж болох л юм. Юун Таван толгой , Оюу толгойн алт, нүүрс вэ? Тэд чинь нэг л мэдэхэд дуусчий ш дээ.
Саяхан Монголын алдарт хуурч Жамъяан гуай 89 насан дээрээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай гашуудлын мэдээ сонсогдсон. Үнэхээр л хуурын минь 2 чавхдас түр хугацаанд тасарсан болов уу гэлтэй.
Морин хуурын аялгуу сонсоод миний л лав хамаг зүрх булгилаад, догдлоод хөдөө хээр морьтой давхиж ч байгаа юм шиг тийм сонин мэдрэмж ч гэх юм уу сэтгэгдэл төрдийн. Морь унаад давхимаар ч юм шиг, анх удаа өсгий цагаан хонгор халзан морь унаад өвөөрүүгээ давхиж байсан минь санаанд ордын. Гэтэл яруу найрагч Ичинхорлоогийн нэгэн шүлэг байнаа.

Морин хуурчид хэлэх шүлэг ...

Дэргэдээс чинь сул шороо ч үргэхгүй
Дэлхий яаж уяардагыг би харж ханахгүй
Хаврын униар шиг чиний хуурын аялгуу
Халгиа мөрний ус мэт зүрхэн дундуур бидэртэнэ.
Түмэн агтын сүүлэнд хургасан салхинаас
Гэгэлгэн уянга омголон унага шиг алдрахад

Түүчуу тогоруудын сүүлчийн дэвэлтийг умартан
Гэгээн сэтгэлд сарны хун өдөлнө.
Хар зүрхийг эзэгнэх хуурын чинь аяргууг шүтэвч
Хар шөнийн зүүдэнд чи ирдэггүй
Мөнхийн аялгууг эзэгнэсэн чамайг
Мөрөөдөн сууж би чаддаггүй
Буйд газрын хөнгөн зэрэглээнд
Борог өвс салхинд налах төлийнхөнд
Эх нутаг минь яруухан гэж
Эгшиг нөмрөн шивнэсэнийг чинь мартдаггүй
Дэргэдээс чинь сул шороо ч үргэхгүй
Дэлхий яаж эргэдэгийг би харж чадахгүй
Хаврын униар шиг чиний хуурын аялгуу
Халгиа мөрний ус шиг зүрхэн дундуур бидэртэнэ

Нээрээ л хуурын аялгуу гэж зүрхэн дундуур зүсч ороод хүнийг уйлуулана чиг, дуулуулана чиг. Би яг одоо Харангийн Лхагваагийн "Морин хуур" дууг сонсож байна. хамаг сэтгэл хөдөлгөөд хаячихлээ. Миний Монголын өвөг дээдэс ч бишрээд бишрээд барахгүй хүмүүс юм даа. Ийм сайхан хуур хийж л байдаг, ганц хуур ч биш л дээ...
Би ч бас азтай юм аа ийм сайхан оронд төрдөг.
Нацагдоржийн
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон гэж..

Ганцхан чамайг л би хайрласан  

Posted by Сумбаа in

Эгэл жирийн төрхөнд чинь би татагдсан
Энгийн хэрнээ ухаалаг үгэнд чинь би уярсан
Эр хүний намбатай хүнлэг сэтгэлд чинь би дурласан
Эгцлээд ширтэхээр тулгарчихдаг харцанд чинь би хайлсан
Энэ бүхний цогц болохоор ганцхан чамайг л би хайрласан

БИ ЧАМД ХАЙРТАЙ  

Posted by Сумбаа in

Мянга мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх
Мяндас шиг хэврэгхэн сэтгэл надад үгүй
Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг
Магад одоо чамдаа хэлье
БИ ЧАМД ХАЙРТАЙ