Айлын бөөрөнд амь зууна гэдэг
Амаргүй даваа, хүүгээ л өрөвдөх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хүүхдээ л бодох юм
Гэрийн эзний хүүхдийг аргадаж
Гэмгүй мөртлөө гэмшилд автаж
Цэцэрлэгийн чихрээ идэхгүй өгнө
Цэцэг шиг нас гундаж өснө
Турьхан нуруундаа гутамшиг үүрч
Туних эрхлэхийг бүр мартаж
Тоглохдоо хүртэл хүн харна
Толгой гудгархан бараадаж гүйнэ.
Банди нар л болсон хойно доо
Байлдаж тоглох дуртай байх юм
Хүүхэд л болсон газар даа
Хүү минь хүртэл дагаж гүйх юм
Дайтаж тоглох жаалууд дунд
Дайсан болох нь алга атал
Чимээгүй хүү минь л оногдох юм
Чихээ бөглөвч гуниг нь сонсдох юм
Халаасны өрөөнд амь зууна гэдэг
Хатуу даваа, хүүгээ л өрөвдөх юм
Хар элгийн хүнийг царайчилна гэдэг
Хэцүү заяа, хүүхдээ л бодох юм
Ялах дон жаалуудыг олзолж
Ялагдах дайсан олдохгүй болоход
Дуугүйхэн миний хүү л сөгдөх юм
Дусал нулимсаа аниргүй залгих юм
Удаан дайны золио болгон
Урван тоглох хүн олдохоо болиход
Тоглоомон буугаа ганцаараа хураалгаж
Тоодойтлоо туугдаад явах юм
Үймж дарвих хүүхдүүдийн хэн нь ч
Үхэж тоглох дуртай байхад
Аниргүхэн миний хүү л сөгдөх юм
Аавынхаа нүдэн дээр толгойгоо авахуулах юм
Болохгүй гэх газар байх биш дээ
Болзошгүй дайн нүүрлэдэг юм гэхэд
Ялагдаж тоглоод сурсан хүү минь
Яаж байлдах юм болдоо хэн мэдэхэв!
Хаяа хийлсэн их гүрнүүдийн бөөрөнд
Халаасны өрөө шиг эх орон минь ээ
Цадиг түүхтэй дээдсийн үрсийг
Царайчилж сургахгүй юм сан, яадаг юм билээ .
Чөлөөт бөх тойроод....
8 years ago