Гарчиггүй  

Posted by Сумбаа in

Ийм нэгэн сайхан шүлгийг дүү маань илгээлээ, ямар сайхан шүлэг вэ
* * *
Амьсгалахад агаар нь цэнгэг гэж
Амьдарахад газар нь чөлөөтэй гэж
Амсахад айраг нь амттай гэж
Амрахад алтанхан шороо нь зөөлөн юм гэж
Дуулахад хуур нь хөгтэй юм гэж
Дурсахад хуучин түүх ихтэй юм гэж
Дурлахад хүүхэн нь үнэнч юм гэж
Дуулим их Монголд миний бие мэндэлсэн юм
* * *
Дэврэн хуйлрах амьдралын шуурганд аргахад минь
Дэргэдээс тэтгэх хайрын рашаанаас ундаалж
Дуулж уйлан таньдаа зоргоор эрхэлсэний учир
Дэндүү уужим эх орноо эцэг шигээ дээдлэе би
Энхрийлье, эх орон чамайгаа энхрийлье
Эвлэрч бас эвдэрч мянган түүхээ шивнэхдээ
Энэрэлийн их далай ижий шигээ энхрийлье би
* * *

Мөнх нас  

Posted by Сумбаа in

Нэгэн мянга есөн зуун ерэн гурван оны зун Дундговь аймагт гандуухан байлаа. Өвөө эмээ хоёр минь хэдэн малтайгаа Дундговь аймгийн нутагт байрлах Зодох савахын хоолойд зусаж байв. Говь нутагт бороо ороогүй удсан тул газрын өнгө гандаж хүн малгүй сэтгэл гундуухнаар өдөр хоногийг өнгөрөөж байсан юм. Ийм хэцүү гантай цагт хүн малгүй ус л бараадна. Гэвч ус гэдэг чандмань эрдэнэ говь нутагт ховор. Говь нутаг гантай цагт худаг усаар нэн ядмаг тэр дороо л байгаа хэдэн худгын ус шавхагдаж ёроол нь гараад ирнэ. Дахин худгын ус ундрахыг хүлээнэ гэдэг бүтэн өдрийн ажил. Заримдаа шөнөчин хонь малтайгаа худаг сахиж өнжих бол энүүхэнд. Нэгэн өдөр өвөө минь Зодох Савхын дунд байдаг миний энгэрт нь чулуун гэр барьж тоглодог байсан жижигхэн улаан толгодын баруун хажууд очиж үзээд эндээс л ус гарна даа гэж хэлээд худаг ухахаар шийдэж тэр ажилдаа ханцуй шамлан орсон юм. Олон өдөр говийн ангаж хатсан хатуу хөрсийг ухсан. Хад чулуу ихтэй овооны хажуу суу болоод ч тэр үү дан хайрга шахуу хатуу хөрсийг 60 гаруй настай өвөө маань хүргэн ах нартай нийлж 10-аад метр хэртэй гүн ухсан. Гэтэл нэгэн өглөө эртлэн ухсан нүхээ дахин ухах санаатай иртэл өнөөх нүх нь тунгалаг хар усаар дүүрэн мэлтэлцэж байх нь тэр. Ёстой л алтан хундганы амсар дүүрээд мэлтэлзэх сархад мэт. Бөөн баяр. Миний өвөө хадархаг хөрсний цаана байгаа усны жинхэнэ судлыг олсон хэрэг. Ингэж л гантай цагт ойр хавийн айлуудын хүн малын эгшиж хоцорсон элэг дэвтэж үрчийсэн магнай тэнийсэн юм.

Өвөө минь энэ гаргасан худагтаа чулуугаар хашлага хийж өөрийн гараар ханийн чулууг нэг бүрчлэн хүргэн ах нарт зааварчилж одоо энд тавь, одоо тэнд тавь гэх зуураа Цагаан дух хэмээн нэр өгөөд “ ай хөөрхий амьд явсаны хэрэг нэг бүтлээ дээ. Гаргасан ус маань рашаан болох болтугай” хэмээн хэлээд жаргалтай сайхан инээмсэглэж хөлсөө арчин гаансаа нэрж сууж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Би тэгэхэд дөнгөж сургуульд орж байгаа жаахан хүүхэд хажуугаар нь хурга ишиг гэж хөөцөлдөж гүйдэг байсансан.

Тиймээ миний өвөө рашаан гаргасан юм.

Үнэхээр миний өвөөгийн гаргасан ус нь хүн малын ангааг тайлаад зогсохгүй өвчнийг илааршуулдаг рашаан байсан байжээ. Тухайн үед хүн малын ундны устай боллоо доо гэж баярлаж байснаас бус чухам ямархан ид шидтэй рашаан гаргаснаа мэдээгүй байлаа. Гэтэл төд удалгүй ганц хоёр жилийн дараа нутаг усны хүмүүс өвөөгийн минь гаргасан худгын усны ид шидийг гайхацгаах болсон юм. Манайхтай олон жил айл саахалт явсан Баянсан гэдэг маш өндөр настай нэгэн өвгөн байдаг байсан юм. Настай хүн болоод ч тэр үү Баянсан гуай байнга даралт ихэсдэг түүндээ ихэд зүдэрдэг байлаа. Ялангуяа зуны хурц нартай өдөр Баянсан гуай маань ихэд бухимдана, шаналана. Эм ихээр ууна. Гэвч удаан хугацаанд байнга уусан эм нь дасал болж түүний даралтыг буулгахаасаа буулгахгүй нь их болоод байсан юм. Гэтэл гайхалтай нь өвөөг минь Цагаан духын усыг гаргасан тэр цагаас хойш тун удалгүй Баянсан гуйн даралт хэвдээ орсон гэдэг. Одоо миний өвөөгийн гаргасан энэхүү рашаан нутаг усандаа улам ихээр алдаршиж олон олон хүнийг бие амар сэтгэл тэнүүн явуулж байгаа юм. Тийм ээ, өвөөгийн минь гаргасан Цагаан духын ус даралт ихсэх эмгэгтэй эсвэл зүрх судасны өвчтэй болон элэг цөс нь өвддөг гээд ер нь л дотор эрхтэн өвддөг хүмүүсийн өвчнийг анагаах чадалтай рашаан байсан хэрэг. Хаа газрын холоос даралт ихсэх эмгэгтэй эсвэл зүрх судасны өвчтэй болон элэг цөс нь өвддөг хүмүүс гэр бараа майхан савтайгаа ирж хонон өнжин энэ рашаан усанд өөрийгөө сувилаж эрүүл саруул болоод буцдаг. Хүмүүс Цагаан духын худгыг бараадан худагнаас 1 км орчим зайд байдаг Оросын тосгоны хуучин байшингуудыг ашиглан Сувилал хүртэл байгуулсан байсан. Энэхүү рашаан одоо Дундговь аймгын Сайнцагаан сумаас баруухантай 10-аадхан км-т байдаг бөгөөд түүнийг хүмүүс өвөөгийн минь нэрээр Адилбишийн рашаан хэмээн дууддаг юм.

Миний өвөө 3 жилийн өмнө бурхан болсон. Өвөөгийн минь алдар нэр нутгийн зон олоныхоо дунд үүрд мөнхрөн үлджээ. Манай өвөө дэнж даахгүй баян байгаагүй ч ажил хөдөлмөр, хүн чанар, ухаалаг зан төрх, хийж бүтээснээрээ дэнж хотойлгосон баян хүн байжээ. Өвөөгийн минь гаргасан рашаан ус байсан цагт өвөөгийн минь нэр үргэлж түүнтэй хамт явах заяа тавилантай аж. Сайн сайхан үйлс гэдэг ингэж л эзнээ нэгэн насаар нь мөнхөлдөг ажгуу. Түүний хамгийн тод жишээ нь миний өвөө билээ.

Өнгөрсөн зун Дундговь аймагт дэлгэр сайхан зун болж энэ нутгийн ард түмэн 70 жилийнхээ баярыг тэмдэглэж дэнж хотойтол наадсан. Би ч нутаг усандаа наадахын зэрэгцээ өвөөгийнхөө гаргасан рашаан дээр амраг хань, алаг үр, ахан дүү нарынхаа хамтаар очиж хайрт өвөөдөө зориулан өөрийнх нь гаргасан худаг дээр бяцхан дурсгалын хөшөө босгоод, мөн хэдийнэ 3 жил өнгөрсөн тул өвөөгийнхөө газар дээр очоод ирсэн. Даралт ихэсдэг зүрх судасны эмгэгтэй хүмүүс өвөөгийн минь рашаанаас хүртсэн хэвээрээ л байлаа. Хажууд нь чулуун овоо босгоод хадаг яндар уясан байх юм. Өвөөдөө дурсгалын хөшөө босгож байгаа бидэнд учрыг нь ойлгосон нутгийн хүмүүс чин сэтгэлээсээ туслаж байсан явдалд би туйлын ихээр догдолж хайрт өвөөдөө улам их баярлаж уярлын нулимсыг удтал асгаруулан зогсож байсан юм. Тиймээ миний өвөө энгүй их ачтан байж. Ус гэдэг чандмань эрдэнэ. Алт мөнгөгүйгээр та амьд явах ч усгүйгээр та амьдрахгүй шүү дээ. Миний өвөө олон ардыг тэтгэгч чандмань эрдэнэ усыг гаргасан. Зүгээр ч ус биш рашаан булаг болсон усыг. Энэ ертөнцөнд өөрөө байхгүй ч өвөө минь энэ ертөнцийн олон хүн амьтдыг жаргуулсан ачтан мөн билээ. Мөнхөрөх тавилан гэж энэ ажээ. Тиймээ миний өвөө мөнх настай хүн.Түүнийг С. Адилбиш гэдэг юм.

Өвөөгийнхөө гаргасан худаг дээр хөшөө босгохдоо ах дүүгийнхээ дунд бэсрэг наадам хийснийхээ цөөн хэдэн зурагнаас сонирхуулж байна.


Өвөөгийн маань хүү, хүргэн хүүдүүд барилдах гэж байгаа нь




Бяцхан ач зээ нарынхаа дунд уралдаан зохиогоод түрүүлж ирсэн хүүхдүүдээ урамшуулж байгаа нь. Дашрамд хэлэхэд энэ уралдаанд миний хүү түрүүлсэн.




Ээ дээ монголчууд минь  

Posted by Сумбаа in

Иргэн хүнийхээ хувьд хүн бүр л эх орныхоо төлөө сэтгэл зовинож суудаг л биз. Тэдгээр хүмүүсийн нэг нь би шүү дээ. Улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө шууд бус тодорхой хэмжээгээр оролцож байгаа гэж өөрийгөө үздэг. Тэгээд эх орныг минь төлөөлөн удирдаж байгаа хүмүүсийг хөндлөнгөөс хараад байхад эх орны төлөө гэсэн нэрэн дор их л олон ажил хийж байгаа бололтой. Даанч тэр хийж буй их үйлсд нь сэтгэл дутаад байгаа юм болов уу даа гэж бодогдоод байх юм. Жишээ нь гадагшаа өч төчнөөн сайхан залуус маань хар ажил хийхээр гэрээтэй гэрээгүй гарцгаах юм. Гадагшаа гарвал тэнд сайхан амьдралын алтан түлхүүр байгаа мэтээр төсөөлдөг хүмүүс олон бололтой. Гэтэл Монголд минь ажлын байр зөндөө л байх юм. Солонгост очиж хар ажил өдрийн 16-20 цагаар хийж байхын оронд эх орондоо Таван толгой, Оюу толгойдоо ажилмаар санагдах юм. Гэтэл тэнд гаднаас ажиллах хүчийг маш ихээр оруулж ирж байна. Хамаг залуу үеээ гадагшаа явуулаад оронд нь гадны ажиллах хүчийг өндөр цалинтай оруулж ирэх нь дээр байсан юм болов уу даа. Магадгүй уншсан сонссон үзсэн харснаараа охор надаас эх орны маань удирдлагууд илүү болохоор тэр нь илүү зөв ч байж мэдэх болоод тийм шийдвэрт хүрсэн биз. Гэтэл хүний амьдралын гол утга учир гэр бүл шүү дээ. Өглөө ажилдаа иртэл миний хамгийн хайрлаж хүндэлж явдаг багш маань хэлж байна: Хүнд 1 шилэн бөмбөг 3 ширмэн бөмбөг байдаг аж. 3 ширмэн бөмбөг маань ажил мэргэжил зэрэг юм, харин ганц шилэн бөмбөг маань хүний гэр бүл гэнэ. Ширмэн бөмбөгийг шидэхэд ойж буусаар цааш явдаг бол шилэн бөмбөгийг шидэхэд тэр дороо хагардаг. Тиймээс хүн гэр бүлээ нэгдүгээрт тавьд хайрлан хамгаалж тэрний төлөө нөгөө 3н ширмэн бөмбөгөө ашиглах хэрэгтэй юм байна. Гэтэл гадагшаа явсан залуусын маань ар гэр энд эзэнгүйрч зарим нэг нь гаднаас ирсэн нөгөө мундаг ажиллах хүчтэй гэр бүл болсон тохиолдол ч байдаг л юм байна. Гэр бүлээ аваад гарсан нь цөөн бололтой. Магадгүй энэ байдлаар нэг их хугацаа шаардалгүй эрчүүд маань харьд очиж харийн бүсгүйтэй, эмэгтэйчүүд маань орж ирсэн бас л харийн эрчүүдтэй нийлэн монгол гэдэг үндэстэн алга болох вий дээ. Гал манаж үлдсэн бүсгүйчүүд маань хичнээхэн тэсэх билээ. Миний блог дээр байгаа Ухаант хүн роман маань энэ л тухай өгүүлсэн байдаг. Одоо цагт бидэнд тохиолдох гээд байгаа аюулын тухай өгүүлсэн хэрэг. Бидэнд Нендэртал үндэстэн шиг болох тун ч ойрхон санагдана. Магадгүй би хэтрүүлж бодсон ч байж мэднэ.

Түгээх

Ухаант хүн: роман ( 3-р хэсэг )  

Posted by Сумбаа in

Түүний хүүхэд нас нь олон ам бүлтэй хүчирхэг хүн сүргийн дунд аз жаргалтай баяр баясгалантай өнгөрсөн. Ачтаныг хүүхэд байхад сүрэгт нь түүнтэй нэгэн үеийн олон охид хүүд нар байдаг байлаа. Тэд эх эцэг, сүргийн ахмад гишүүдийн хайр халамжаар дутаагүй өсөцгөөсөн билээ. Өдөр болгоны үдэш орой Нендэрталчуудын хүн сүрэг аварга том түүдгийн дэргэд бөөгнөрч хүчирхэг эрчүүдийнхээ агнасан ангын махыг шарж хүүхэд багачууд нь наадан тоглож охид залуус нь бие биесээ хайрын нүдээр урин дуудаж энд тэндэхийн хадны араар орон саатаж настангууд нь өөр хоорондоо хуучилж, зарим нь үр хүүхдээ заан сургаж хорвоо ертөнцийг дан ганц аз жаргалтайгаар туулж байсан цаг саяхан билээ. Одоо өнгөрч одсон тэр сайхан цаг зөвхөн дурсамж болон Ачтаны сэтгэлд л үлджээ. Хүүхэд ахуй цагт нь Нендэрталчуудын бахархал хүн сүргийн нүүр царай болж явсан хүмүүс нь орчлонгийн жамаар өтөл насыг зооглож, ээлж дараалан хорвоог орхисоор нэг л мэдэхэд барагдсан. Ачтаныг орь залуу байхад ээж нь мөн л түүнийг орхин одсон. Ээж нь нэг орой унтаад маргааш өглөө нь дахин сэрсэнгүй. Тэр ээжийгээ сэрэхийг бүтэн 3 өдөр хүлээгээд дахин хэзээ ч сэрэхээсээ өнгөрчээ гэдгийг ойлгосон. Түүнээс хойш арваад хоногийг Ачтан өөрийн ухаантай ухаангүй өнгөрөөжээ. Ээжээсээ хойш тэр үнэхээр их ганцаардаж, ганцаардлын зовлон гэж ямар хэцүү юм байдгийг тэгэхэд л яс махандаа шингэтэл ойлгож авсан. Ээжийх нь үеийн хөгшид өвгөд бүгд барагдаж үе тэнгийн залуу сайхан эрчүүд нь бүгд хүн сүргээсээ холдон дайжиж энд тэндэхийн агуйн мухарт бие биеэ даан амьдарцгаах болсноор хэдэн бүсгүйчүүд болон нас биед хараахан хүрч амжаагүй цөөн хүүхдүүд л сүрэгтээ үлдсэн байлаа. Ачтан тэдний нэг билээ. Нендэрталчуудын эрчүүд хүн сүргээсээ тасран жожгирох явдал нэлээд олон жилийн өмнөөс магадгүй зуун жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд тэр нь Ачтаныг нас биед хүрэх үед дээд цэгтээ хүрч бүх эрчүүд нь сүргээ хаяж одсон юм. Зуун жилийн өмнө ганц нэгхэн Нендэртал эрчүүд жожгирон сүргээсээ дайжин уул хаданд амьдардаг байсан бол одоо бүгд ийнхүү дайжин алга болцгоожээ. Ижил олон сүрэг хань ижил үр хүүхдээ хаяж одсон эрчүүдээсээ хойш Нендэртал бүсгүйчүүдэд ямар ч ирээдүй байхгүй болсноор барахгүй нийт төрөл зүйлд нь мөхөл хэмээх гүн хар ангал аймшиггүйгээр нүүрлэн иржээ. Тэр ч бүү хэл Ачтаны төрсөн ах нь бусдынхаа нэгэн адил хайртай төрсөн дүүгээ хаян сүргээсээ салж одсон билээ. Ганцаардаж зовж шаналсан Ачтан өөрийг нь хүүхэд ахуй цагт нь бусдаас өмгөөлөн хамгаалж ихээр хайрладаг байсан ахыгаа улам ихээр үгүйлэн санаж байлаа. Харцуул нь яагаад ингэж хүн сүргээсээ дайжих болцгоосон юм бүү мэд. Гэсэн ч яалтай билээ. Ханийн хайр халамж, эр хүний нөмөр нөөлөг үр хүүхэд хүссэн Нендэртал эмэгтэйчүүд эрчүүдээ сүрэгтээ эргээд ирэх болов уу хэмээн нүдээ чилтэл харуулдаад арга нь барагдаж эцэстээ тэвчээр нь алдран ганц нэгээрээ алга болцгоож эхэлсэн. Эд сайндаа алга болоогүй хүн сүргээ хаяж одсон эрчүүдийнхээ араас явцгаасан нь тэр билээ. Гэсэн ч амжилт олоогүй бүсгүйчүүд маань эргэж ирэх нь олонтаа. Эрчүүддээ хөөгдөж туугдсан тэдний зарим нь бүр айхавтар хүнд бэртэж үлгэн салган эргэж ирэх нь бүр ч хэцүү.
/ Их дэлгүүрийн Majestic Номын дэлгүүр , 3,4-р хороололд байрлах Номин их дэлгүүрийн номын тасаг, Интерном номын дэлгүүрүүдээр: Ухаант хүн роман/

Ухаант хүн: роман (2-р хэсэг)  

Posted by Сумбаа in

Төмөр оргилын урд бэлээр уулын хормойг эмжин зүүнээс байруун тийш сунаж тогтсон эгц босоо хадан ханатай гүн хавцалыг даган явбал хавцал нарийссаар хавцалын дуусах хэсэгт байх яанх хойш эргэсэн нарийхан салаанд орших нэгэн томоохон агуйн аманд тулж ирнэ. Хүн хүрэхийн аргагүй бартаатай далд нууц газарт байрласан энэ агуйг одоо цагийн хүн бол огтхон ч эргэлзэлгүйгээр алмасын агуй байна гэж бодох биз ээ. Хавцалын хоёр талын хадан хана хэтэрхий өндөр тул агуйн ам өдрийн ихэнх цагт нар үзэхгүй сүүдэртэй байх бөгөөд гагцхүү жин үдийн нар л агуйн аманд хэсэгхэн хугацаанд тусаад өнгөрөх тул зуны улирлын аагим халуун өдрүүдэд агуй нэн тааламжтай сэрүүхэн байх ажээ. Агуйн ойролцоо амьтны араг яснууд энд тэндгүй хөглөрөн байхыг харвал ямар нэгэн махчин араатан энэ агуйд суудаг мэт ойлголт төрүүлнэ. Мөн амьтны сэг зэмийн хажуугаар ихээхэн үнс нурам хагас дутуу шатсан модны мөчир зомгол хэвтэх нь энэ агуйд махчин араатан биш хүн суудаг болов уу гэмээр. Үнэхээр тийм ажээ. Нар яг агуйн аманд тусах жин үдэд агуйгаас нэгэн хүн аяархан алхсаар гарч ирэв. Аажимаар алхлах түүний ядмагхан хөдөлгөөнийг харвал нилээд настай нэгэн бололтой. Агуйгаас гарч ирсэн ахимаг насны хүн бол өтөл насны Нендэртал эмэгтэй байлаа. Одоогийн хүмүүстэй харьцуулахын аргагүй үс гэзэг нь сэгсийсэн аймаар царай муутай нэгэн байв. Нилээд өргөн цээжтэй урт гартай хамрын угт байрласан хоорондоо их ойрхон хоёр нүд нь улаанаар эргэлдэн ганц хуруу хүрэхтэй үгүйтэй өргөн духтай, арагшаа налуу цүдгэр гэдэсний дээх нь хоосон хавтага мэт шалчийсан хоёр хөх нь унжиж нуруугаараа бөхийсэн түүнийг харсан хэн я айж чочмоор. Түүний энэ аймар дүр төрөхийг наранд түлэгдэж салхинд гандаж, тас харалсан өтөл насны үрчийж хорчийсон арьс нь улам айдас төрүүлэм болгожээ. Энэхүү эмгэн хэдийгээр 40 гаруйхан настай боловч наян настай мэт харагдах гадаад төрх нь байгалын жам ёс гэхээс илүүтэйгээр насан турш нуруундаа үүрсэн бие сэтгэлийн зовлонгоос үүдэлтэй болов уу гэмээр ажээ. Энэ эмгэний нэрийг Ачтан гэх бөгөөд энэ нэрийг түүнийг хүүхэд ахуй цагтнь сайхан сэтгэлтэй өөрийнх нь үеийн нэгэн хүү өгсөн билээ. Тэр л цагаас хойш Ачтан энэ сайхан нэрээр нэрлэгдсээр өдий хүрсэн ажгуу. Нендэртал эмгэн Ачтан аажуухан алхсаар агуйн амны ойролцоох хүн суухад тохиромжтой нэгэн бул чулуун дээр ирэн наран зүг харан суулаа. Хавцалын нарийхан салаанд орших агуйн аманд хэсэгхэн хугацаанд тусаад өнгөрдөг нар энэ удаа бас хавцалын баруун хананы цаагуур далд орж сүүдэр туслаа. Ачтан өнгөрүүлсэн амьдралаа бодож сууна.
Ачтан олон жилийн өмнө энэ Тэнгэр ууланд төрөөд Тэнгэр ууландаа насыг барж байгаа билээ. Мэдээ орсон цагаас хойшхи бүхий л амьдрал нь нүдний нь өмнүүр эрэмбэ дараатай хөвөрнө.
/ Их дэлгүүрийн Majestic Номын дэлгүүр , 3,4-р хороололд байрлах Номин их дэлгүүрийн номын тасаг, Интерном номын дэлгүүрүүдээр: Ухаант хүн роман/

Ухаант хүн: роман (1-р хэсэг)  

Posted by Сумбаа in

Манай тооллын өмнөх 190-р он буюу одоогоос 20 мянган жилийн тэртээх зуны нэгэн өдөр өргөн уудам Ази тивийн зүрхэн тушаа цээжин дээр орших далайн түвшингээс дээш 7,5 км буюу 7455 м өндөр өргөгдсөн Тэнгэр уулын нуруу яг одоогийнхоо дүр төрхөөр эрт цагт зах хязгааргүй далай тэнгист асар өндөр давалгаа үүсэж тэрхүү давалгаа нь гэнэт царцан хөшиж энэ их уул нуруу болоо юу гэмээр аварга том чулуу давалгаа мэт эсвэл эртний бөх бат цайз, бэхлэлт хана хэрмийг санагдуулам гайхамшигт сайхан сүмбэр их оргилууд сүндэрлүүлэн чимээгүйхэн оршин байлаа. Энэ цаст оргилууд бүхий уулсаас тогтох аварга том нурууны бараг бүх оргилууд бүгд үүлэн дунд умбах ажээ. Зарим хэт өндөр оргилын шовх орой үүлийг цоо хатган нэвтлэн гарч ирсэн нь уул газраас тасран үүл хөлөглөн тэнгэрт аялаж явна уу, үгүй бол газарт биш тэнгэрт тогтсон уул уу гэлтэй. Нэн сүртэй энэ агуу их уулсын бараа сүр нь харсан хүний харааг булаахын зэрэгцээ айн сүрдэх, бишрэн шүтэх бахдах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлнэ.Гайхамшигтай сайхан их уулсын дунд тэг дундаасаа дээш цасан цагаан дуулга өмсөн үргэлж үүлсийн дунд умбасан нэгэн ноён шовх оргил байх бөгөөд энэхүү оргилыг Төмөр оргил гэх бөлгөө. Төмөр оргил бол Тэнгэр уулын нуруун дахь бүх оргилын хаан нь билээ. Төмөр оргил болон түүний ойролцоох уулсын дундуур толгой эргэм гүн гүнзгий урт урт хадан хавцалууд хойш урагш хөндлөн гулд сүлжилдсэн байх бөгөөд тэр гүн хавцалууд дунд орвол хажуугийн уулын цасан цагаан малгай юу юугүй тасран дээрээс унаад ирэх нь үү гэмээр санагдаж дотор хүйт оргиулах нь энэ их уулс хичнээн сүрлэг болохыгоо өөрөө хэлээд өгч буй мэт. Мөнх цаст оргилуудын хадан хавцал дундуур тунгалаг уст гол горхи жирэлзэн урсаж нэгээс нөгөөд хүрхрээ үүсгэн цутгаж гол горхисын хөвөөгөөр ургамал өнгийн цэцэгс алаглаж багшран ургасан бут сөөг бургас моддод нь жигүүртэн шувууд шулганалдаж ан амьтан шивээлсэн байх нь үүнээс өөр үзсэглэнтэй бөгөөд аз жаргалтай амьдрал дүүрэн буцалсан диваажин мэт газар манай гариг дээр хаа ч байхгүй мэт санагдана. Энэ үлгэрийн гэмээр тансаг сайхан байгалд 20 мянган жилийн тэртээ амьдрал буцалж байсан нь үнэн боловч бүх амьтад аз жаргалтай байсан уу гэвэл үгүй ээ. Энэ хорвоо дээр амьдрал анх үүссэн тэртээх он жилээс эхлэн жаргал зовлон хоёр яг адилхан тэнцүүхэн оршин байсаар өдийг хүрсэн билээ. Хорвоо дээр дан ганц аз жаргал ноёлон байсан цаг хором амьдрал үүсэн бий болсон цагаас эхлэн бичигдсэн амьдралын түүхийн номын аль ч хуудсанд байхгүй. Харин ч жаргалаасаа илүү зовлон дийлж байсан цаг үеийн түүхийг агуулсан хуудас нэгээр тогтохгүй олонтаа байдаг юм. Тэрхүү зовлон дийлсэн амьдын хорвоод үлдэж хоцрохын төлөө болон өөрийн төрөл зүйлээ мөхлөөс аврахын төлөө бидний балар эрт цагийн өвөг дээдэс маань өөр хоорондоо хэрхэн яаж тэмцэлдэж бас хэрхэн яаж бие биедээ туслаж тэрхүү эерэг болон сөрөг үйлдлүүдийн үр дүнд зарим нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэн үлдэж улмаар цаашид хөгжин цэцэглэж зарим нь элэг эмтрэм өршөөлгүйгээр сөнөж мөхөж байсан тухай түүхийг өгүүлсэн одоогоос 20 мянган жилийн өмнө болсон нэгэн явдлыг би вээр энд бичих гэсэн юм. Товчхон хэлэхэд бурхан хэнд нь үхэх ял зааж хэнийг нь өршөөн авч үлдсэн түүхийг бичихнээ гэж ойлгож болно.
/ Их дэлгүүрийн Majestic Номын дэлгүүр , 3,4-р хороололд байрлах Номин их дэлгүүрийн номын тасаг, Интерном номын дэлгүүрүүдээр: Ухаант хүн роман/