Ухаант хүн: роман ( 3-р хэсэг )  

Posted by Сумбаа in

Түүний хүүхэд нас нь олон ам бүлтэй хүчирхэг хүн сүргийн дунд аз жаргалтай баяр баясгалантай өнгөрсөн. Ачтаныг хүүхэд байхад сүрэгт нь түүнтэй нэгэн үеийн олон охид хүүд нар байдаг байлаа. Тэд эх эцэг, сүргийн ахмад гишүүдийн хайр халамжаар дутаагүй өсөцгөөсөн билээ. Өдөр болгоны үдэш орой Нендэрталчуудын хүн сүрэг аварга том түүдгийн дэргэд бөөгнөрч хүчирхэг эрчүүдийнхээ агнасан ангын махыг шарж хүүхэд багачууд нь наадан тоглож охид залуус нь бие биесээ хайрын нүдээр урин дуудаж энд тэндэхийн хадны араар орон саатаж настангууд нь өөр хоорондоо хуучилж, зарим нь үр хүүхдээ заан сургаж хорвоо ертөнцийг дан ганц аз жаргалтайгаар туулж байсан цаг саяхан билээ. Одоо өнгөрч одсон тэр сайхан цаг зөвхөн дурсамж болон Ачтаны сэтгэлд л үлджээ. Хүүхэд ахуй цагт нь Нендэрталчуудын бахархал хүн сүргийн нүүр царай болж явсан хүмүүс нь орчлонгийн жамаар өтөл насыг зооглож, ээлж дараалан хорвоог орхисоор нэг л мэдэхэд барагдсан. Ачтаныг орь залуу байхад ээж нь мөн л түүнийг орхин одсон. Ээж нь нэг орой унтаад маргааш өглөө нь дахин сэрсэнгүй. Тэр ээжийгээ сэрэхийг бүтэн 3 өдөр хүлээгээд дахин хэзээ ч сэрэхээсээ өнгөрчээ гэдгийг ойлгосон. Түүнээс хойш арваад хоногийг Ачтан өөрийн ухаантай ухаангүй өнгөрөөжээ. Ээжээсээ хойш тэр үнэхээр их ганцаардаж, ганцаардлын зовлон гэж ямар хэцүү юм байдгийг тэгэхэд л яс махандаа шингэтэл ойлгож авсан. Ээжийх нь үеийн хөгшид өвгөд бүгд барагдаж үе тэнгийн залуу сайхан эрчүүд нь бүгд хүн сүргээсээ холдон дайжиж энд тэндэхийн агуйн мухарт бие биеэ даан амьдарцгаах болсноор хэдэн бүсгүйчүүд болон нас биед хараахан хүрч амжаагүй цөөн хүүхдүүд л сүрэгтээ үлдсэн байлаа. Ачтан тэдний нэг билээ. Нендэрталчуудын эрчүүд хүн сүргээсээ тасран жожгирох явдал нэлээд олон жилийн өмнөөс магадгүй зуун жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд тэр нь Ачтаныг нас биед хүрэх үед дээд цэгтээ хүрч бүх эрчүүд нь сүргээ хаяж одсон юм. Зуун жилийн өмнө ганц нэгхэн Нендэртал эрчүүд жожгирон сүргээсээ дайжин уул хаданд амьдардаг байсан бол одоо бүгд ийнхүү дайжин алга болцгоожээ. Ижил олон сүрэг хань ижил үр хүүхдээ хаяж одсон эрчүүдээсээ хойш Нендэртал бүсгүйчүүдэд ямар ч ирээдүй байхгүй болсноор барахгүй нийт төрөл зүйлд нь мөхөл хэмээх гүн хар ангал аймшиггүйгээр нүүрлэн иржээ. Тэр ч бүү хэл Ачтаны төрсөн ах нь бусдынхаа нэгэн адил хайртай төрсөн дүүгээ хаян сүргээсээ салж одсон билээ. Ганцаардаж зовж шаналсан Ачтан өөрийг нь хүүхэд ахуй цагт нь бусдаас өмгөөлөн хамгаалж ихээр хайрладаг байсан ахыгаа улам ихээр үгүйлэн санаж байлаа. Харцуул нь яагаад ингэж хүн сүргээсээ дайжих болцгоосон юм бүү мэд. Гэсэн ч яалтай билээ. Ханийн хайр халамж, эр хүний нөмөр нөөлөг үр хүүхэд хүссэн Нендэртал эмэгтэйчүүд эрчүүдээ сүрэгтээ эргээд ирэх болов уу хэмээн нүдээ чилтэл харуулдаад арга нь барагдаж эцэстээ тэвчээр нь алдран ганц нэгээрээ алга болцгоож эхэлсэн. Эд сайндаа алга болоогүй хүн сүргээ хаяж одсон эрчүүдийнхээ араас явцгаасан нь тэр билээ. Гэсэн ч амжилт олоогүй бүсгүйчүүд маань эргэж ирэх нь олонтаа. Эрчүүддээ хөөгдөж туугдсан тэдний зарим нь бүр айхавтар хүнд бэртэж үлгэн салган эргэж ирэх нь бүр ч хэцүү.
/ Их дэлгүүрийн Majestic Номын дэлгүүр , 3,4-р хороололд байрлах Номин их дэлгүүрийн номын тасаг, Интерном номын дэлгүүрүүдээр: Ухаант хүн роман/

Ухаант хүн: роман (2-р хэсэг)  

Posted by Сумбаа in

Төмөр оргилын урд бэлээр уулын хормойг эмжин зүүнээс байруун тийш сунаж тогтсон эгц босоо хадан ханатай гүн хавцалыг даган явбал хавцал нарийссаар хавцалын дуусах хэсэгт байх яанх хойш эргэсэн нарийхан салаанд орших нэгэн томоохон агуйн аманд тулж ирнэ. Хүн хүрэхийн аргагүй бартаатай далд нууц газарт байрласан энэ агуйг одоо цагийн хүн бол огтхон ч эргэлзэлгүйгээр алмасын агуй байна гэж бодох биз ээ. Хавцалын хоёр талын хадан хана хэтэрхий өндөр тул агуйн ам өдрийн ихэнх цагт нар үзэхгүй сүүдэртэй байх бөгөөд гагцхүү жин үдийн нар л агуйн аманд хэсэгхэн хугацаанд тусаад өнгөрөх тул зуны улирлын аагим халуун өдрүүдэд агуй нэн тааламжтай сэрүүхэн байх ажээ. Агуйн ойролцоо амьтны араг яснууд энд тэндгүй хөглөрөн байхыг харвал ямар нэгэн махчин араатан энэ агуйд суудаг мэт ойлголт төрүүлнэ. Мөн амьтны сэг зэмийн хажуугаар ихээхэн үнс нурам хагас дутуу шатсан модны мөчир зомгол хэвтэх нь энэ агуйд махчин араатан биш хүн суудаг болов уу гэмээр. Үнэхээр тийм ажээ. Нар яг агуйн аманд тусах жин үдэд агуйгаас нэгэн хүн аяархан алхсаар гарч ирэв. Аажимаар алхлах түүний ядмагхан хөдөлгөөнийг харвал нилээд настай нэгэн бололтой. Агуйгаас гарч ирсэн ахимаг насны хүн бол өтөл насны Нендэртал эмэгтэй байлаа. Одоогийн хүмүүстэй харьцуулахын аргагүй үс гэзэг нь сэгсийсэн аймаар царай муутай нэгэн байв. Нилээд өргөн цээжтэй урт гартай хамрын угт байрласан хоорондоо их ойрхон хоёр нүд нь улаанаар эргэлдэн ганц хуруу хүрэхтэй үгүйтэй өргөн духтай, арагшаа налуу цүдгэр гэдэсний дээх нь хоосон хавтага мэт шалчийсан хоёр хөх нь унжиж нуруугаараа бөхийсэн түүнийг харсан хэн я айж чочмоор. Түүний энэ аймар дүр төрөхийг наранд түлэгдэж салхинд гандаж, тас харалсан өтөл насны үрчийж хорчийсон арьс нь улам айдас төрүүлэм болгожээ. Энэхүү эмгэн хэдийгээр 40 гаруйхан настай боловч наян настай мэт харагдах гадаад төрх нь байгалын жам ёс гэхээс илүүтэйгээр насан турш нуруундаа үүрсэн бие сэтгэлийн зовлонгоос үүдэлтэй болов уу гэмээр ажээ. Энэ эмгэний нэрийг Ачтан гэх бөгөөд энэ нэрийг түүнийг хүүхэд ахуй цагтнь сайхан сэтгэлтэй өөрийнх нь үеийн нэгэн хүү өгсөн билээ. Тэр л цагаас хойш Ачтан энэ сайхан нэрээр нэрлэгдсээр өдий хүрсэн ажгуу. Нендэртал эмгэн Ачтан аажуухан алхсаар агуйн амны ойролцоох хүн суухад тохиромжтой нэгэн бул чулуун дээр ирэн наран зүг харан суулаа. Хавцалын нарийхан салаанд орших агуйн аманд хэсэгхэн хугацаанд тусаад өнгөрдөг нар энэ удаа бас хавцалын баруун хананы цаагуур далд орж сүүдэр туслаа. Ачтан өнгөрүүлсэн амьдралаа бодож сууна.
Ачтан олон жилийн өмнө энэ Тэнгэр ууланд төрөөд Тэнгэр ууландаа насыг барж байгаа билээ. Мэдээ орсон цагаас хойшхи бүхий л амьдрал нь нүдний нь өмнүүр эрэмбэ дараатай хөвөрнө.
/ Их дэлгүүрийн Majestic Номын дэлгүүр , 3,4-р хороололд байрлах Номин их дэлгүүрийн номын тасаг, Интерном номын дэлгүүрүүдээр: Ухаант хүн роман/

Ухаант хүн: роман (1-р хэсэг)  

Posted by Сумбаа in

Манай тооллын өмнөх 190-р он буюу одоогоос 20 мянган жилийн тэртээх зуны нэгэн өдөр өргөн уудам Ази тивийн зүрхэн тушаа цээжин дээр орших далайн түвшингээс дээш 7,5 км буюу 7455 м өндөр өргөгдсөн Тэнгэр уулын нуруу яг одоогийнхоо дүр төрхөөр эрт цагт зах хязгааргүй далай тэнгист асар өндөр давалгаа үүсэж тэрхүү давалгаа нь гэнэт царцан хөшиж энэ их уул нуруу болоо юу гэмээр аварга том чулуу давалгаа мэт эсвэл эртний бөх бат цайз, бэхлэлт хана хэрмийг санагдуулам гайхамшигт сайхан сүмбэр их оргилууд сүндэрлүүлэн чимээгүйхэн оршин байлаа. Энэ цаст оргилууд бүхий уулсаас тогтох аварга том нурууны бараг бүх оргилууд бүгд үүлэн дунд умбах ажээ. Зарим хэт өндөр оргилын шовх орой үүлийг цоо хатган нэвтлэн гарч ирсэн нь уул газраас тасран үүл хөлөглөн тэнгэрт аялаж явна уу, үгүй бол газарт биш тэнгэрт тогтсон уул уу гэлтэй. Нэн сүртэй энэ агуу их уулсын бараа сүр нь харсан хүний харааг булаахын зэрэгцээ айн сүрдэх, бишрэн шүтэх бахдах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлнэ.Гайхамшигтай сайхан их уулсын дунд тэг дундаасаа дээш цасан цагаан дуулга өмсөн үргэлж үүлсийн дунд умбасан нэгэн ноён шовх оргил байх бөгөөд энэхүү оргилыг Төмөр оргил гэх бөлгөө. Төмөр оргил бол Тэнгэр уулын нуруун дахь бүх оргилын хаан нь билээ. Төмөр оргил болон түүний ойролцоох уулсын дундуур толгой эргэм гүн гүнзгий урт урт хадан хавцалууд хойш урагш хөндлөн гулд сүлжилдсэн байх бөгөөд тэр гүн хавцалууд дунд орвол хажуугийн уулын цасан цагаан малгай юу юугүй тасран дээрээс унаад ирэх нь үү гэмээр санагдаж дотор хүйт оргиулах нь энэ их уулс хичнээн сүрлэг болохыгоо өөрөө хэлээд өгч буй мэт. Мөнх цаст оргилуудын хадан хавцал дундуур тунгалаг уст гол горхи жирэлзэн урсаж нэгээс нөгөөд хүрхрээ үүсгэн цутгаж гол горхисын хөвөөгөөр ургамал өнгийн цэцэгс алаглаж багшран ургасан бут сөөг бургас моддод нь жигүүртэн шувууд шулганалдаж ан амьтан шивээлсэн байх нь үүнээс өөр үзсэглэнтэй бөгөөд аз жаргалтай амьдрал дүүрэн буцалсан диваажин мэт газар манай гариг дээр хаа ч байхгүй мэт санагдана. Энэ үлгэрийн гэмээр тансаг сайхан байгалд 20 мянган жилийн тэртээ амьдрал буцалж байсан нь үнэн боловч бүх амьтад аз жаргалтай байсан уу гэвэл үгүй ээ. Энэ хорвоо дээр амьдрал анх үүссэн тэртээх он жилээс эхлэн жаргал зовлон хоёр яг адилхан тэнцүүхэн оршин байсаар өдийг хүрсэн билээ. Хорвоо дээр дан ганц аз жаргал ноёлон байсан цаг хором амьдрал үүсэн бий болсон цагаас эхлэн бичигдсэн амьдралын түүхийн номын аль ч хуудсанд байхгүй. Харин ч жаргалаасаа илүү зовлон дийлж байсан цаг үеийн түүхийг агуулсан хуудас нэгээр тогтохгүй олонтаа байдаг юм. Тэрхүү зовлон дийлсэн амьдын хорвоод үлдэж хоцрохын төлөө болон өөрийн төрөл зүйлээ мөхлөөс аврахын төлөө бидний балар эрт цагийн өвөг дээдэс маань өөр хоорондоо хэрхэн яаж тэмцэлдэж бас хэрхэн яаж бие биедээ туслаж тэрхүү эерэг болон сөрөг үйлдлүүдийн үр дүнд зарим нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэн үлдэж улмаар цаашид хөгжин цэцэглэж зарим нь элэг эмтрэм өршөөлгүйгээр сөнөж мөхөж байсан тухай түүхийг өгүүлсэн одоогоос 20 мянган жилийн өмнө болсон нэгэн явдлыг би вээр энд бичих гэсэн юм. Товчхон хэлэхэд бурхан хэнд нь үхэх ял зааж хэнийг нь өршөөн авч үлдсэн түүхийг бичихнээ гэж ойлгож болно.
/ Их дэлгүүрийн Majestic Номын дэлгүүр , 3,4-р хороололд байрлах Номин их дэлгүүрийн номын тасаг, Интерном номын дэлгүүрүүдээр: Ухаант хүн роман/