Ухаант хүн: роман ( 3-р хэсэг )  

Posted by Сумбаа in

Түүний хүүхэд нас нь олон ам бүлтэй хүчирхэг хүн сүргийн дунд аз жаргалтай баяр баясгалантай өнгөрсөн. Ачтаныг хүүхэд байхад сүрэгт нь түүнтэй нэгэн үеийн олон охид хүүд нар байдаг байлаа. Тэд эх эцэг, сүргийн ахмад гишүүдийн хайр халамжаар дутаагүй өсөцгөөсөн билээ. Өдөр болгоны үдэш орой Нендэрталчуудын хүн сүрэг аварга том түүдгийн дэргэд бөөгнөрч хүчирхэг эрчүүдийнхээ агнасан ангын махыг шарж хүүхэд багачууд нь наадан тоглож охид залуус нь бие биесээ хайрын нүдээр урин дуудаж энд тэндэхийн хадны араар орон саатаж настангууд нь өөр хоорондоо хуучилж, зарим нь үр хүүхдээ заан сургаж хорвоо ертөнцийг дан ганц аз жаргалтайгаар туулж байсан цаг саяхан билээ. Одоо өнгөрч одсон тэр сайхан цаг зөвхөн дурсамж болон Ачтаны сэтгэлд л үлджээ. Хүүхэд ахуй цагт нь Нендэрталчуудын бахархал хүн сүргийн нүүр царай болж явсан хүмүүс нь орчлонгийн жамаар өтөл насыг зооглож, ээлж дараалан хорвоог орхисоор нэг л мэдэхэд барагдсан. Ачтаныг орь залуу байхад ээж нь мөн л түүнийг орхин одсон. Ээж нь нэг орой унтаад маргааш өглөө нь дахин сэрсэнгүй. Тэр ээжийгээ сэрэхийг бүтэн 3 өдөр хүлээгээд дахин хэзээ ч сэрэхээсээ өнгөрчээ гэдгийг ойлгосон. Түүнээс хойш арваад хоногийг Ачтан өөрийн ухаантай ухаангүй өнгөрөөжээ. Ээжээсээ хойш тэр үнэхээр их ганцаардаж, ганцаардлын зовлон гэж ямар хэцүү юм байдгийг тэгэхэд л яс махандаа шингэтэл ойлгож авсан. Ээжийх нь үеийн хөгшид өвгөд бүгд барагдаж үе тэнгийн залуу сайхан эрчүүд нь бүгд хүн сүргээсээ холдон дайжиж энд тэндэхийн агуйн мухарт бие биеэ даан амьдарцгаах болсноор хэдэн бүсгүйчүүд болон нас биед хараахан хүрч амжаагүй цөөн хүүхдүүд л сүрэгтээ үлдсэн байлаа. Ачтан тэдний нэг билээ. Нендэрталчуудын эрчүүд хүн сүргээсээ тасран жожгирох явдал нэлээд олон жилийн өмнөөс магадгүй зуун жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд тэр нь Ачтаныг нас биед хүрэх үед дээд цэгтээ хүрч бүх эрчүүд нь сүргээ хаяж одсон юм. Зуун жилийн өмнө ганц нэгхэн Нендэртал эрчүүд жожгирон сүргээсээ дайжин уул хаданд амьдардаг байсан бол одоо бүгд ийнхүү дайжин алга болцгоожээ. Ижил олон сүрэг хань ижил үр хүүхдээ хаяж одсон эрчүүдээсээ хойш Нендэртал бүсгүйчүүдэд ямар ч ирээдүй байхгүй болсноор барахгүй нийт төрөл зүйлд нь мөхөл хэмээх гүн хар ангал аймшиггүйгээр нүүрлэн иржээ. Тэр ч бүү хэл Ачтаны төрсөн ах нь бусдынхаа нэгэн адил хайртай төрсөн дүүгээ хаян сүргээсээ салж одсон билээ. Ганцаардаж зовж шаналсан Ачтан өөрийг нь хүүхэд ахуй цагт нь бусдаас өмгөөлөн хамгаалж ихээр хайрладаг байсан ахыгаа улам ихээр үгүйлэн санаж байлаа. Харцуул нь яагаад ингэж хүн сүргээсээ дайжих болцгоосон юм бүү мэд. Гэсэн ч яалтай билээ. Ханийн хайр халамж, эр хүний нөмөр нөөлөг үр хүүхэд хүссэн Нендэртал эмэгтэйчүүд эрчүүдээ сүрэгтээ эргээд ирэх болов уу хэмээн нүдээ чилтэл харуулдаад арга нь барагдаж эцэстээ тэвчээр нь алдран ганц нэгээрээ алга болцгоож эхэлсэн. Эд сайндаа алга болоогүй хүн сүргээ хаяж одсон эрчүүдийнхээ араас явцгаасан нь тэр билээ. Гэсэн ч амжилт олоогүй бүсгүйчүүд маань эргэж ирэх нь олонтаа. Эрчүүддээ хөөгдөж туугдсан тэдний зарим нь бүр айхавтар хүнд бэртэж үлгэн салган эргэж ирэх нь бүр ч хэцүү.
/ Их дэлгүүрийн Majestic Номын дэлгүүр , 3,4-р хороололд байрлах Номин их дэлгүүрийн номын тасаг, Интерном номын дэлгүүрүүдээр: Ухаант хүн роман/

This entry was posted on Tuesday, February 22, 2011 at 4:47 PM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

4 Сэтгэгдэл бичих

Их сайхан ном байна. Хэн редактор хийсэн юм бол... Мундаг юм аа

April 3, 2011 at 6:17 PM

Номын рекдактор эсвэл зохиолч чухал биш гэж бодож байна. Гол нь тухайн зохиолын утга, илэрхийлж байгаа санаа мөн хүн уйдаахааргүй өрнөлтэй байвал зүгээр байх гэж боддог. Миний уншсан номнуудаас хамгийн сайхан зохиол Консуэлло байсан. Гэхдээ энэ зохиолыг түүнтэй адилтгахгүй ч хүн уншаад урам нь лав хугарахгүй гэж бодож байгаа шүү.

April 5, 2011 at 2:22 AM

гол юм нь хэн редакторласан нь байдаг юм ш тээ...лол

April 27, 2011 at 2:34 AM

орших эс оршихын төлөөх тэмцэлд хайрын хүч ялан дийлж байгааг харуулснаараа энэ ном Консуэллогоос илүү

September 6, 2011 at 8:07 AM

Post a Comment