Халаасны өрөө  

Posted by Сумбаа in

Айлын бөөрөнд амь зууна гэдэг
Амаргүй даваа, хүүгээ л өрөвдөх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хүүхдээ л бодох юм

Гэрийн эзний хүүхдийг аргадаж
Гэмгүй мөртлөө гэмшилд автаж
Цэцэрлэгийн чихрээ идэхгүй өгнө
Цэцэг шиг нас гундаж өснө

Турьхан нуруундаа гутамшиг үүрч
Туних эрхлэхийг бүр мартаж
Тоглохдоо хүртэл хүн харна
Толгой гудгархан бараадаж гүйнэ.


Банди нар л болсон хойно доо
Байлдаж тоглох дуртай байх юм
Хүүхэд л болсон газар даа
Хүү минь хүртэл дагаж гүйх юм

Дайтаж тоглох жаалууд дунд
Дайсан болох нь алга атал
Чимээгүй хүү минь л оногдох юм
Чихээ бөглөвч гуниг нь сонсдох юм

Халаасны өрөөнд амь зууна гэдэг
Хатуу даваа, хүүгээ л өрөвдөх юм
Хар элгийн хүнийг царайчилна гэдэг
Хэцүү заяа, хүүхдээ л бодох юм

Ялах дон жаалуудыг олзолж
Ялагдах дайсан олдохгүй болоход
Дуугүйхэн миний хүү л сөгдөх юм
Дусал нулимсаа аниргүй залгих юм

Удаан дайны золио болгон
Урван тоглох хүн олдохоо болиход
Тоглоомон буугаа ганцаараа хураалгаж
Тоодойтлоо туугдаад явах юм

Үймж дарвих хүүхдүүдийн хэн нь ч
Үхэж тоглох дуртай байхад
Аниргүхэн миний хүү л сөгдөх юм
Аавынхаа нүдэн дээр толгойгоо авахуулах юм

Болохгүй гэх газар байх биш дээ
Болзошгүй дайн нүүрлэдэг юм гэхэд
Ялагдаж тоглоод сурсан хүү минь
Яаж байлдах юм болдоо хэн мэдэхэв!

Хаяа хийлсэн их гүрнүүдийн бөөрөнд
Халаасны өрөө шиг эх орон минь ээ
Цадиг түүхтэй дээдсийн үрсийг
Царайчилж сургахгүй юм сан, яадаг юм билээ .

Инээмсэглэ  

Posted by Сумбаа

Сэтгэл нэг л дундуур уйлмаар байх чинь нулимсаа тэвчээд би инээе
Зүрх нэг л хөндүүр зүсэгдсэн юм шиг байх чинь бүхнийг мартан би чангаар инээе
Дээрээс тэнгэр нурж, доороос газар цөмрөөгүй байна ашгүй дээ уйтгарлах хэрэг алга
Инээд танд туслана

Морин хуур  

Posted by Сумбаа in

Морин хуураа гэж... үндэсний минь өмнөө барих ганц баялаг гэж болох л юм. Юун Таван толгой , Оюу толгойн алт, нүүрс вэ? Тэд чинь нэг л мэдэхэд дуусчий ш дээ.
Саяхан Монголын алдарт хуурч Жамъяан гуай 89 насан дээрээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай гашуудлын мэдээ сонсогдсон. Үнэхээр л хуурын минь 2 чавхдас түр хугацаанд тасарсан болов уу гэлтэй.
Морин хуурын аялгуу сонсоод миний л лав хамаг зүрх булгилаад, догдлоод хөдөө хээр морьтой давхиж ч байгаа юм шиг тийм сонин мэдрэмж ч гэх юм уу сэтгэгдэл төрдийн. Морь унаад давхимаар ч юм шиг, анх удаа өсгий цагаан хонгор халзан морь унаад өвөөрүүгээ давхиж байсан минь санаанд ордын. Гэтэл яруу найрагч Ичинхорлоогийн нэгэн шүлэг байнаа.

Морин хуурчид хэлэх шүлэг ...

Дэргэдээс чинь сул шороо ч үргэхгүй
Дэлхий яаж уяардагыг би харж ханахгүй
Хаврын униар шиг чиний хуурын аялгуу
Халгиа мөрний ус мэт зүрхэн дундуур бидэртэнэ.
Түмэн агтын сүүлэнд хургасан салхинаас
Гэгэлгэн уянга омголон унага шиг алдрахад

Түүчуу тогоруудын сүүлчийн дэвэлтийг умартан
Гэгээн сэтгэлд сарны хун өдөлнө.
Хар зүрхийг эзэгнэх хуурын чинь аяргууг шүтэвч
Хар шөнийн зүүдэнд чи ирдэггүй
Мөнхийн аялгууг эзэгнэсэн чамайг
Мөрөөдөн сууж би чаддаггүй
Буйд газрын хөнгөн зэрэглээнд
Борог өвс салхинд налах төлийнхөнд
Эх нутаг минь яруухан гэж
Эгшиг нөмрөн шивнэсэнийг чинь мартдаггүй
Дэргэдээс чинь сул шороо ч үргэхгүй
Дэлхий яаж эргэдэгийг би харж чадахгүй
Хаврын униар шиг чиний хуурын аялгуу
Халгиа мөрний ус шиг зүрхэн дундуур бидэртэнэ

Нээрээ л хуурын аялгуу гэж зүрхэн дундуур зүсч ороод хүнийг уйлуулана чиг, дуулуулана чиг. Би яг одоо Харангийн Лхагваагийн "Морин хуур" дууг сонсож байна. хамаг сэтгэл хөдөлгөөд хаячихлээ. Миний Монголын өвөг дээдэс ч бишрээд бишрээд барахгүй хүмүүс юм даа. Ийм сайхан хуур хийж л байдаг, ганц хуур ч биш л дээ...
Би ч бас азтай юм аа ийм сайхан оронд төрдөг.
Нацагдоржийн
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон гэж..

Ганцхан чамайг л би хайрласан  

Posted by Сумбаа in

Эгэл жирийн төрхөнд чинь би татагдсан
Энгийн хэрнээ ухаалаг үгэнд чинь би уярсан
Эр хүний намбатай хүнлэг сэтгэлд чинь би дурласан
Эгцлээд ширтэхээр тулгарчихдаг харцанд чинь би хайлсан
Энэ бүхний цогц болохоор ганцхан чамайг л би хайрласан

БИ ЧАМД ХАЙРТАЙ  

Posted by Сумбаа in

Мянга мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх
Мяндас шиг хэврэгхэн сэтгэл надад үгүй
Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг
Магад одоо чамдаа хэлье
БИ ЧАМД ХАЙРТАЙ

Харимаар байна.  

Posted by Сумбаа in

Ойрдоо нэг л сэтгэл дундуур байх чинь. Уур хүрээд ч байгаа юмуу жаахан бухимдуу байх шиг... Ийм байх шалтгаан бодоод үзсэн алгаа, өглөө болгон хайртай ханьдаа эрхэлж эрхэлж, бяцхан үрээ үнсэж үнсэж гардаг. Гээд бодоод байсан өвөөгөө санаж байна, ээжийгээ санаж байна, эгээгээ санаж байна, дүү нараа санаж байна, гэрээ санаж байна. Удахгүй цагаан сар болоод харина гэж бодохоор улам ч их санах шиг. Нээх гоё ээжийнхээ чанадаг зутантай будаатай цайг уумаар ч юм шиг., ээжийнхээ өвөр дээр толгойгоо тавиад эрхэлмээр ч юм шиг., мэдэхгүй ээ нэг л хачин.
Зүрх нэг л догдлоод ч байгаа юм шиг.., ээждээ нэг ч удаа өглөө босч цай чанаж өгөлгүй хүний хүн болсон гэхээр гомдолтой санагдаж байна. Уул нь өглөө босдог байсан л даа тэр маань ээжийн минь намайг өсгсөнтэй тэнцэнэ гэж үү. Охиноо хүний нутагт сайн явна гэвэл баярлаж, бие нь өвдсөн ч юмуу муу юм болж гэвэл санаа нь зовж сайн мэдээ ирэхийг хүлээн суудаг байх даа. Ээжтэйгээ, өвөө эмээтэйгээ байх даа их хөгжилтэй байдаг байж билээ. Намайг дандаа л хэрэггүй үг хэлж хүний инээд хүргэж байхын гэдэг байж билээ эмээ минь.
Эмээ маань дандаа "Миний баруун гарт хайч байхгүй бол би юм хийж чаддаггүй юм" гэдэг байсын. Нэг удаа эмээтэйгээ дээл хийгээд сууж байлаа. би оёдлын машин дээр суугаад дээлийнхээ эмжээрийг оёод, эмээ маань тааруулах засах юм байвал янзлаад сууж байлаа. Би юмаа оёж дуусаад утсаа таслах гэсэн хайч байдаггүй. Тэгэхлээр нь эмээдээ "ингээд миний баруун гарт хайч байхгүй бол би юм хийж чаддаггүй юм" гэсэн чинь эмээ маань инээгээд муу эмээгээ элэглээл гэж билээ.
Бас нэг удаа өвөө маань тамхинаас гарчихсан байсын. Гэтэл нэг харсан өвөө маань хоосон гаансаа сорчихсон сууж байна. Тэгээд зуухныхаа хажууд тонгойн юм бодоод сууж байтал гэрийн баруун талын орон дээр сууж байсан өвөө гараад явчих шиг болохоор нь (тэр үед эмээ юм оёд сууж байлаа) өвөөгийн орлуу нэг харснаа байхгүй болохоор нь тонгойсон чигээрээ эмээдээ "эмээээ!! өвөө байна шүү дээ.., тамхи татаад байсан шүү дээ " гээд хэлчихлээ. Тэгсэн эмээ "яадаг муу өвөө вэ танхи татаад" гэлээ. тэгээд жаахан байж байтал миний ард чимээ гарахаар нь эргээд харсан чинь өвөө сууж байна. Хэхэ би өвөөгөө хараал инээчихсэн. Үхтлээ инээж билээ, өвөө эмээ 2 энэ хүүхэд чинь учиргүй инээгээд юу болов яадаг хүүхэд вэ гээд. Тэгсэн өвөө хаалга дутуу хаагдсан байхаар нь татаж хаачаад байраа солиод суусныг нь би мэдсэнгүй бололтой. Би нэг тиймэрхүү л хов хүргэдэг хүн дээ.
Ээжтэйгээ байхдаа цаадах чинь ямар жаргалтай гээч. Айлын том байж эрхлээл заримдаа ичмээр ч юм шиг. хэхэ гэхдээ яахав дээ эрхлэх хугацаа богино юм чинь.
Үнэнийг хэлэхэд ганц энэ жил л гэртээ шинэлэх боломж байна даа. Айлын эхнэр болчихоод нөхрөө хаяад гэрлүүгээ яваад байж болохгүй биз. Гэж бодохоор л ........

Эх орны төлөө цохилох зүрх  

Posted by Сумбаа in

Монголчууд бид хэдийнээс л түүх соёолоо судлан эзэн Чингис хаанаараа бахархаж, өвөг дээдсээ хүндэлж ирсэн билээ. Эх орон гэдэг ямар үнэтэй зүйл билээ. Эх орныхоо атга шороо, ширхэг чулууг ч харийнханд өгөхгүй хэмээн тэмцэж ирсэн бус уу. Гэтэл сүүлийн үед атга шороо харамлах биш авдар авдраар нь алтаа явуулах болжээ. Би Монголын газар шороонд байгаа тэр их баялаг хямдхан үнээр хил давах болоод байгаад сэтгэл их л гонсойж явдаг билээ. Би хөдөө мал маллаж, чулуу түүж , чулуун гэр барьж тоглож өссөн болоод ч тэр үү ширхэг чулуу ч гэсэн эх орны минь эрдэнэ шиг санагддаг. Чингис хаанаараа бархаж ирсэн. Гэтэл гадаадын нэгэн веб хуудсан дээр Чингис хааны минь тухай их тааламжгүй юм бичжээ. Та бүхэн түүнийг Энэ хэсгээс уншиж санал бодлоо хуваалцана биз ээ.

Эргэх 4-н улирал...  

Posted by Сумбаа in

Өвөл...
Хүмүүс хэлэхдээ өвөл цас ороод цан чаргаар гулгаад гоё гэсэн, харин миний хувьд гаднаасаа даарсан бээрсэн цаанаа л нэг хүйт оргиулсан уйтгартай тааламжгүй улирал. Гудамжаар явж байгаа хүмүүсийг харахлээр нэг л даарсан, яарсан, сандарсан бээрсэн харагддаг.
Тийм дээ хүний амьдралд ч мөн адил өвлийн улирал гэж байдаг. Сэтгэлдээ жавар хургуулж, цас оруулан уйтгарлаж, ганцаардан хэн нэгнийг эрэлхийлэх нь өвлийн цагт даарч дулаан газар хайхтай адил. Гэтэл сайн гэгч нь дулаацчих газар тэр бүр олдох болов уу. Олдож болох ч тэнд хэр удаан байх вэ.
Хавар...
Юм бүхэн сэргэж, мод ногоорон сэтгэлд нэг л таатай. Түүнтэй адил юм ээлжтэй юм болохоор хүний амьдралд ч мөн адил цэцэглэн, уйтгар гуниг ганцаардлаа мартан сэргэлэн цовоо өөдрөгөөр амьдралын зүг тэмүүлэх нь нялх ногоо ургах гэж бороотой бороогүй цухуйх мэт.
Сэтгэлдээ хургасан жаврыг хаврын салхинд үргээж болох ч юм шиг.
Зун...
Би зуны улиралд дуртай. Дулаахан нуруу тэнэгэр алхалж болно. Бас зуны улиралд хүмүүс тэр дундаа бүсгүйчүүд хамгийн гоёоороо байж чаддаг. Хүний амьдрал үргэлж зун цаг шиг дэлгэр тасаг хангалуун байдаг бол мөн сайхнаа. Даанч хэдий зун цаг ч гэлээ бас хэтэрхий халуунд сүүдэр хайх үе гардаг шүү дээ.
Намар...
Намар бас л сайхан улирал. хэдий өвөл болохын дохио ч гэлээ халах ч үгүй, хөрөх ч үгүй. Бүгдийн сэтгэлд баяр жаргал дүүрэн байдаг. Тэр дундаа миний төрсөн өдөр намрын эхэн сарын дундуур болдог болохоор бүр ч таатай. Хүний амьдрал дандаа намар, хавар 2 шиг бол ямар санагдах бол. Хааяа ч гэсэн өвлийн гоё ганган нэхий дээл эсвэл дэгжин малгай өмсөхийг хүсэхгүй гэж үү.
Зовлон жаргал 2 ээлжилдэг энэ орчлон яг л эргэх 4 улирал ч юмуу даа.